1 дугаар зүйл. Хуулийн зорилт, зохицуулах харилцаа

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл. Хуулийн зорилт, зохицуулах харилцаа

1.1.Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс, Монгол Улсын Их Хурлын онцгой чухал үүрэг мөн бөгөөд энэ хүрээнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг энэ хуулиар тодорхойлж зохицуулна.

1.2.Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ.

1.3.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй.

1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/ гарсантай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурал тусгайлсан дэгээр хэлэлцэж болно. /Энэ хэсгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.