11 дугаар зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.Хууль санаачлагч энэ хуульд заасан зарчим, журмын дагуу боловсруулсан төслөө Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Улсын Их Хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.

11.3.Төслийг чуулганаар хэлэлцэхэд дараахь зарчмыг баримтална:

11.3.1.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /126/ гишүүний дөрөвний гурав /95/ -аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.3.2.Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд биеэр оролцож, саналаа өгнө. Бусдыг төлөөлж санал өгөхийг хориглоно;

11.3.3.төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. Нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглоно;

11.3.4.чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно;

11.3.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж байдал, нөхцөл байдлыг харгалзан илээр, эсхүл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ;

11.3.6.хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал Улсын Их Хурал өөр асуудал хэлэлцэхгүй.

11.4.Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана. Энэ нь тасралтгүй ажиллагаанд хамаарна.

11.5.Энэ хуулийн 11.3.6 дахь заалт нь хэлэлцүүлгийн үе шат хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн /хэм хэмжээний бус/ шинжтэй хойшлуулшгүй, түүнчлэн хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.