10 дугаар зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тавих шаардлага

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тавих шаардлага

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:

10.1.1.Үндсэн хуулийн зохих зүйл болон энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчимд бүрэн нийцэж байгааг буюу харшлаагүйг нотолсон тайлбар хавсаргасан байх;

10.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй тухай болон хэрэв Монгол Улсын олон улсын гэрээтэй зөрчилдөхөөр байвал түүнээс гарах арга замыг тус тус тодорхойлсон байх;

10.1.3.төслийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын санал авсан байх;

10.1.4.үндэсний аюулгүй байдалтай холбогдсон асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, санал авсан байх;

10.1.5.шүүх эрх мэдэлтэй холбогдсон асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн, хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын санал авсан байх;

10.1.6.мөнгө, зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байх.

10.2.Энэ хуулийн 10.1.3-10.1.6-д заасан байгууллага, албан тушаалтан төслийн талаар саналаа 30 хоногт багтаан хууль санаачлагчид хүргүүлэх ба шаардлагатай бол хууль санаачлагчтай тохиролцон энэ хугацааг хойшлуулж болно.

10.3.Энэ хуулийн 10.1.3-10.1.6-д заасан байгууллага, албан тушаалтан мөн хуулийн 10.2-т заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ

/Энэ бүлгийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.