13 дугаар зүйл. Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх журам
13.1.Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэн зохицуулна.
13.2.Бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд өгнө.
13.3.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж болно. Байнгын хороо болон түүний гишүүн, мөн нам, эвслийн бүлэг нь энэ хуулийн 11.3.4-т заасан саналын түвшинд харгалзсанаас бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын томъёоллыг санал, дүгнэлтдээ оруулж болохгүй.
/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.4.Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлтдээ дараахь зүйлийг тусгана:
13.4.1.төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи мэдээлэл;
13.4.2.төсөлд Байнгын хороод, нам, эвслийн бүлгээс өгсөн санал, дүгнэлт, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал;
13.4.3.энэ хуулийн 13.4.2-т заасан зарчмын зөрүүтэй саналаас төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн бол түүний үндэслэл, шалтгаан;
13.4.4.төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах тухай Байнгын хорооны санал хураалтын дүн.