14 дугаар зүйл. Хоёр дахь хэлэлцүүлэг явуулах журам
14.1.Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлтийг эхлээд сонсгоно.
14.2.Энэ хуулийн 14.1-д заасан санал, дүгнэлтийг сонсгосны дараа Улсын Их Хурлын гишүүд зөвхөн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авч болно.
14.3.Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс төсөлд оруулахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг тусад нь хэлэлцүүлэхгүй, харин хоёр дахь хэлэлцүүлэгт оруулсан төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр нь дэс дараалан санал хураалт явуулахдаа хамтатган хэлэлцэнэ.
14.4.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураана.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу санал хураалт явуулж дууссаны дараа төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг баталж, төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ.