15 дугаар зүйл. Гурав дахь хэлэлцүүлэг явуулах журам

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Гурав дахь хэлэлцүүлэг явуулах журам

15.1.Төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг эхлээд сонсгоно.

15.2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52.2-т заасан үндэслэлээр гаргасан саналын томъёоллыг уншиж, томъёолол тус бүрээр санал хураана. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан санал хураалтын дүнтэй санал нийлээгүй Улсын Их Хурлын гишүүн нэг удаа үндэслэл, шалтгаанаа тайлбарлаж санал хураалгах эрхтэй. Хэрэв уг санал дэмжигдвэл тухайн зүйл, хэсэг, заалтын найруулгыг сонсож, дахин санал хураана. Улсын Их Хурлын гишүүн, цөөнх хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргаж болохгүй.

15.4.Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан санал хураалт дууссаны дараа төслийг бүхэлд нь уншиж сонсгон Улсын Их Хурлын дарга зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.5.Энэ хуулийн 15.4-д заасны дагуу санал хураахад Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан зүйл, хэсэг, заалтыг батлагдсанд тооцно.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.6.Энэ хуулийн 15.5-д заасан хувь хэмжээний санал аваагүй зүйл, хэсэг, заалтыг төслөөс хассанд тооцож, энэ тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана.

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.7.Улсын Их Хурлын дарга төслийг уншиж дууссаны дараа төслийг бүхэлд нь батлах саналыг хураана.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.8.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь "батлах" санал өгсөн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.