16 дугаар зүйл. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эхийг нийтлэх
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна.
/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хориг тавьж болно.
/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.3.Ерөнхийлөгч энэ хуулийн 16.1-д заасны дагуу биечлэн хүргэж танилцуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор "... оны ... дугаар сарын ...-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч ... " гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.
/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.4.Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно.
/Энэ хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ