17 дугаар зүйл. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам
17.1.Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана.
17.2.Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ.
17.3.Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана.
17.4.Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т зааснаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн бол ард нийтийн санал асуулгад оруулах эхийг зөвшөөрөх, эсхүл татгалзахаас өөр асуудлаар ард нийтийн санал асуулга хамтатган явуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
17.5.Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд ард нийтийн санал асуулга явуулах болсон шалтгаан, зорилго, санал асуулга эхлэх, дуусах он, сар, өдөр, уг ажлыг зохион байгуулах журмыг тодорхойлно.
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.6.Ард нийтийн санал асуулгад оруулж байгаа төслийг санал асуулга явуулах өдрийг зарлан тунхагласнаас хойш ажлын гурван өдрийн дотор албан ёсоор нийтэлнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.7.Төслийг зөвшөөрөх, эсхүл татгалзах тухай ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна.
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.8.Ард нийтийн санал асуулгад санал хураах өдөр 18 насанд хүрсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд нийтээрээ, тэгш, шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах журмаар оролцох бөгөөд уг ажлыг Улсын Их Хурлын сонгуультай зэрэгцүүлэн явуулж болно. Хэрэв өөр цаг үед явуулж байгаа бол Улсын Их Хурлын өмнөх сонгуулийн үед гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтын үндсэн дээр түүнийг шинэчлэн баталгаажуулж, зохион байгуулна.
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.9.Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг эхийг "зөвшөөрнө" гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцно.
/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.10.Ард нийтийн санал асуулгаар батлагдсан эхийг албажуулах, нийтлэх, хүчин төгөлдөр болсонд тооцох асуудлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна.
/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.11.Ард нийтийн санал асуулгаар батлагдсан эхэд Улсын Их Хурал ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхийг хориглоно.
/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.12.Ард нийтийн санал асуулгад иргэдийн олонхи нь оролцоогүй бол санал асуулгыг хүчингүйд, санал хураалтад оролцогчдын олонхи нь "татгалзана" гэсэн санал өгсөн бол уг эхийг батлагдаагүйд тооцно. Санал асуулгыг хүчингүйд тооцсон, хуулийг батлахаас ийнхүү татгалзсан бол санал асуулгын дүн гарсан өдрөөс хойш Улсын Их Хурал найман жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй.
/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.13.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нутаг дэвсгэрийн хороо, хэсгийн хэмжээнд дахин санал авах, санал асуулгыг улсын хэмжээнд дахин явуулах ажлыг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг баримтлан хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэг болон дугаарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
МОНГОЛ УЛСЫН үндсэн хуулийн цэцийн ЭЦСИЙН ШИЙДВЭР /тогтоол/-ЭЭР Монгол Улсын Үндсэн ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ журам /Энэ бүлгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./