5 дугаар зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим

5.1.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд дараахь үндсэн зарчмыг баримтална:

5.1.1.Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах;

5.1.2.ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах;

5.1.3.бодитой, ил тод байх.

5.2.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь энэ хуулийн 5.1.1-д заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:

5.2.1.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /цаашид "төсөл" гэх/ нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлахгүй байх;

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.2.Үндсэн хуулийн Нэг, Хоёр, Гурав, Дөрөвдүгээр зүйл, Тавдугаар зүйлийн 1-3 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөв, Арван тав, Арван ес, Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйл, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран найм, Жаран есдүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.2.3.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны журам нь Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд бүрнээ нийцсэн байх;

5.2.4.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна.

5.3.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь энэ хуулийн 5.1.2-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:

5.3.1.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах;

5.3.2.иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох.

5.3.3.Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах;

/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.3.4.Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу явуулсан санал асуулгын дүнгээр энэ хуулийн 5.3.3-т заасан асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах.

/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Улсын Их Хурал, хууль санаачлагч нь энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг дор дурдсан үндсэн арга замаар хангана:

5.4.1.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй;

5.4.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй;

5.4.3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулсан, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчмыг үгүйсгэсэн байж болохгүй;

5.4.4.төслийн бүрэн эх болон түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, эцсийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байх;

5.4.5.төслийн талаархи иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг Улсын Их Хурлын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх;

5.4.6.төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх;

5.4.7.төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.