3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ" гэж экспортлогдож буй мал, амьтан, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид заасан тодорхой нөхцөл шаардлагыг хангаж байгааг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичгийг; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.1.2."ургамлын хорио цээрийн гэрчилгээ" гэж экспортлогдож буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээртэй хөнөөлт организм байхгүй болохыг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичгийг; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.3. “импортын гэрчилгээ” гэж амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч, гаалийн улсын байцаагчаас олгож буй баримт бичгийг; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.4."эрсдэл" гэж хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс тодорхой хугацааны туршид амьтан, ургамал, хүн амын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө учруулж болох үр дагаварын хэмжээ өндөрсөх магадлалыг;

3.1.5."зөвшөөрөгдөх эрсдэл" гэдэг нь амьтан, ургамал, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн эрсдэлийн түвшинг;

3.1.6."эрсдэлийн задлан шинжилгээ" гэж аюулыг олж тогтоох, эрсдэлийн үнэлгээ гаргах, эрсдэлийг бууруулах, мэдээлэл дамжуулахад чиглэсэн үйл ажиллагааг; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.1.7."эрсдэлийн үнэлгээ" гэж импортлогч орны нутаг дэвсгэрт эмгэг төрүүлэгч зүйлүүд нэвтрэн орох, тархахаас үүдэн гарах биологи, эдийн засгийн үр дагаварыг тодорхойлон үнэлэх үйл ажиллагааг;

3.1.8."эрсдэлийг бууруулах" гэдэг нь эрсдэлийг зөвшөөрөх түвшинд хүргэхэд ашиглаж болох арга хэмжээг тодорхойлох, сонгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.1.9."аюул" гэж амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс хүн ам, амьтан, ургамлын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох ямар нэгэн эмгэг төрүүлэгч зүйлийг; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.1.10."хог ургамал" гэж ургамлыг тариалж, үржүүлж буй талбайд тархаж ургах өөр ургамлыг.

3.1.11.“импортын мэдэгдэл” гэж гадаад улсаас импортлох мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр Монгол Улсад оруулахыг зөвшөөрч олгох баримт бичгийг. /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.