18 дугаар зүйл. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

18.1.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

18.1.1.амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах;

18.1.2.зөвлөгөө өгөх;

18.1.3.сэргээн засах үйлчилгээнд хамруулах;

18.1.4.түр байрлуулан асрамжлах, хүчирхийлэлд өртсөн хүнийг түр хамгаалан байрлуулах;

18.1.5.өдрийн үйлчилгээнд хамруулах;

18.1.6.гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах;

18.1.7.иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх;

18.1.8.гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;

18.1.9.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах.

18.1.10.гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

18.2.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд дараах өрх, иргэн хамрагдана:

18.2.1.ахмад настан;

18.2.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

18.2.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд

/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.2.4.хүчирхийлэлд өртсөн иргэн;

18.2.5.хорих ангиас суллагдсан иргэн;

18.2.6.согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн;

18.2.7.эдгэшгүй хүнд өвчтэй хүн;

18.2.8.гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;

18.2.9.шилжин суурьшсан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэн, иргэн;

18.2.10.өрх толгойлсон эх /эцэг/.

18.2.11.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх.

/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

18.2.12.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

/Энэ заалтыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

18.3.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тооцож нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

18.4.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд дүнг нэгтгэн жил бүрийн төсвийн төсөлд тусгана.

18.5.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 17.1-д заасан үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

18.6.Энэ хуулийн 18.5-д заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.8.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур, журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.9.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг энэ хуулийн 18.8-д заасны дагуу магадлан итгэмжлэх журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.