19 дугаар зүйл. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

19.1.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

19.1.1.ахмад настны асрамжийн үйлчилгээ;

19.1.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ;

19.1.3.эрсдэлт нөхцөлд байгаа 18 хүртэлх насны хүүхдийн асрамжийн үйлчилгээ; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.4.гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ.

19.2.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:

19.2.1.тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан;

19.2.2.мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан болон тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

19.2.3.эрсдэлт нөхцөлд байгаа, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.2.4.улсын зардлаар төрөлжсөн асрамжийн газар асрамжлан өсгөхийг эцэг, эх нь зөвшөөрсөн дөрөв хүртэлх насны гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд.

19.3.Энэ хуулийн 19.1.2, 19.1.3-т заасан асрамжийн үйлчилгээг үйлчлүүлэгчийн өвөрмөц хэрэгцээ, нас, хүйсийн онцлогийг харгалзан нарийвчлан ангилж, төрөлжүүлж болно.

19.4.Энэ хуулийн 19.2.1-19.2.4-т заасан хүүхэд ба иргэнийг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга гаргана.

19.5.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний дор дурдсан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа, журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ:

19.5.1.хоол хүнс, хувцас, эм, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүний нэг хүнд ногдох зардлын норматив, эдэлгээний хугацаа;

19.5.2.нас барсан иргэнийг оршуулах зардлын норматив.

19.6.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.7.Төрөлжсөн асрамжийн газарт асруулагчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах, төрөлжсөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэх болон түүний төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

19.8.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр авагч ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний тогтоогдсон тэтгэврийнх нь 70 хувийг асруулж байгаа иргэнд, 30 хувийг тухайн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагад нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу олгоно.

19.9.Нийгмийн халамжийн үйлчилгээг энэ хуулийн 18.2, 19.2-т зааснаас бусад өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй үзүүлж болох бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийн хэмжээг үйлчлүүлэгчтэй хэлэлцэн тогтооно.

19.10.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх, тухайн хүүхдийг хөгжүүлэх төв, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг холбогдох стандартын дагуу зохион байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

19.11.Энэ хуулийн 19.1.1-д заасан үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.12.Энэ хуулийн 19.11-д заасан дэмжлэгийн хэлбэр, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.13.Энэ хуулийн 19.5.1-д заасан нэг хүнд ногдох зардлын нормативыг байнгын асаргаа шаардлагатай иргэнд 3 дахин нэмэгдүүлэн тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.