21 дугаар зүйл. Нотариатчийн эрх, үүрэг

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Нотариатчийн эрх, үүрэг

21.1.Нотариатч дараахь эрх эдэлнэ:

21.1.1.нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид "үйлчлүүлэгч" гэх/-ийн хувийн байдлыг тогтоох;

21.1.2.нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.3.шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх, хуурамч байж болзошгүй баримт бичгийг хураан авч холбогдох байгууллагад шилжүүлэх;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.4.хуульд заасан бусад.

21.2.Нотариатч дараахь үүрэг хүлээнэ:

21.2.1.үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх;

21.2.2.нотариатчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж, мэргэжлийн нууцыг хадгалах;

21.2.3.гишүүний татвараа төлөх;

21.2.4.хариуцлагын даатгалд даатгуулах;

21.2.5.нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах;

21.2.6.нотариатын үйлдэлд холбогдох баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг хуулийн байгууллагын шаардсаны дагуу гаргаж өгөх;

21.2.7.нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх;

21.2.8.гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх;

21.2.9.нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

21.2.10.үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тогтоосон багц цагийг хангах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.2.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4, 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, мэдээлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.2.12.Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчөөр татварын албанд бүртгүүлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн систем ашиглах, хуульд заасан хугацаанд татварын тайлангаа харьяалах татварын албанд гаргаж өгөх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.2.13.хуульд заасан бусад.

21.3.Нотариатчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:

21.3.1.хуурамч баримт бичгийг гэрчлэх;

21.3.2.баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэх;

21.3.3.нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх;

21.3.4.нотариатын үйлдэл хийх явцдаа олж мэдсэн үйлчлүүлэгчийн нууцыг задруулах, үйлчлүүлэгчийн аливаа мэдээллийг өмчлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, ашиглуулах;

21.3.5.нотариатын үйлдэл хийх, эрх зүйн зөвлөгөө өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах;

21.3.6.хуулийн хэм хэмжээг зөрчиж, тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.3.7.нотариатын тогтоосон тойргийг зөрчиж үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.3.8.нотариатын үйлчилгээний хөлс, зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, бууруулж авах, тогтоосон хөлс, зардлаас бусад төлбөр, хураамж үйлчлүүлэгчээс авах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.