4 дугаар зүйл. Нотариат, түүний чиг үүрэг

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Нотариат, түүний чиг үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.2.Нотариатчийн чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.3.Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.4.Нотариатч дор дурдсан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.4.1.нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх;

4.4.2.үйлчлүүлэгч хүсвэл нотариатчаар гэрчлүүлэхээр хуульд зааснаас бусад үйлдэл, баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх;

4.4.3.гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;

4.4.4.хууль зүйн агуулга бүхий үйлдэл, баримт бичгийг хуульд заасан тохиолдолд болон шүүх, төрийн бусад байгууллагын хүсэлтээр гэрчлэх;

4.4.5.хуульд заасан бусад.

4.5.Хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч гэрчилсэн үйлдэл, баримт бичигт холбогдох нотлох баримтыг хадгалах бөгөөд тэдгээрийн хуулбарыг шаардлагатай этгээдэд олгоно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.6.Нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс улсын бүртгэлийн байгууллагатай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим сангаас мэдээлэл авах гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

4.7.Нотариатч нь энэ хуулийн 4.6-д заасны дагуу авсан мэдээллээ өмчлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, бусдад ашиглуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.