40 дугаар зүйл. Гэрээслэл гэрчлэх
40.1.Нотариатч гэрээслэлийг гэрчлэхдээ дараахь баримт бичгийг үндэслэнэ:
40.1.1.гэрээслэл үйлдэх үед гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаа;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
40.1.2.гэрээслэж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримт.
40.2.Нотариатч гэрээслэлийг гэрчилж, түүнд гэрээслэгч өөрөө гарын үсэг зурна.
40.3.Гэрээслэгч өвчтэй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар гэрээслэлд өөрөө гарын үсэг зурж чадахгүй бол түүний хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн этгээдээр гарын үсэг зуруулж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн дээрх шалтгааныг тодорхойлсон тэмдэглэлийг гэрчийг оролцуулан үйлдэнэ.
40.4.Гэрээслэгч Иргэний хуулийн 525.1-д заасны дагуу гэрээслэлээ өөрчилсөн буюу цуцалсан бол энэ тухай мэдээллийг 30 хоногийн дотор өөрчилсөн гэрээслэл, цуцалсан баримт бичгийн хамт уг гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, эсхүл Танхимд ирүүлнэ.
40.5.Нотариатч энэ хуулийн 40.4-т заасан баримт бичгийг хүлээн авмагц анхны гэрээслэл болон гэрээслэлийн бүртгэлийн дэвтэрт өөрчилсөн буюу цуцалсан тухай тэмдэглэл хийж, хувийг хавсаргана. Гэрээслэлийг анх гэрчилсэн нотариатч байхгүй тохиолдолд Танхимын ерөнхийлөгч энэ зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.
40.6.Гэрээслэл биелүүлэх тухай баримт бичгийг гэрээслэлд заавал хавсаргаж болно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.7.Нотариатч гэрээслэлийн хувь тус бүрт тамга, баталгааны тэмдгээ дарж гэрчлүүлсэн он, сар, өдрийг бичиж, гарын үсэг зуран нэг хувийг гэрээслэгчид гардуулж, үлдэх хувийг Танхимд хадгалуулна.
40.8.Иргэний хуулийн 523.2-т заасан этгээд гэрээслэлийг гэрчилж болох бөгөөд энэ тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсний нэгэн адил үзнэ.
40.9.Иргэний хуулийн 523.2-т заасан этгээд гэрээслэлийг гэрчилсэн тохиолдолд өөрт үлдсэн хувийг Танхим, эсхүл энэ хуулийн 8.2-т заасан Танхимын салбарт хүлээлгэн өгөх бөгөөд уг гэрээслэлийг хүлээн авсан нотариатч гэрээслэлийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээлгэн өгсөн этгээдээр гарын үсэг зуруулна.