45 дугаар зүйл. Нотариатчийн мэдэгдэх хуудас, түүний агуулга

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Нотариатчийн мэдэгдэх хуудас, түүний агуулга

45.1.Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

45.2.Энэ хуулийн 45.1-д заасан мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч дараахь нөхцөлийг харгалзана:

45.2.1.баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх;

45.2.2.нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн эсэх.

45.3.Нотариатчийн мэдэгдэх хуудсанд дараахь зүйлийг заана:

45.3.1.мэдэгдэх хуудас олгож байгаа нотариатчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, харьяалах тойрог;

45.3.2.ямар баримт бичгийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдэж байгаа;

45.3.3.төлбөр авагч, төлбөр төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажлын болон оршин суугаа газрын хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, банкин дахь харилцах дансны дугаар, улсын бүртгэлийн дугаар;

45.3.4.төлбөр гаргуулах хугацаа;

45.3.5.төлбөрийн хэмжээ, шаардлагын зүйл, хэрэв мэдэгдэх хуудас үйлдэхэд үндэс болгосон баримт бичигт заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү, анзын хэмжээ;

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.3.6.нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ;

45.3.7.мэдэгдэх хуудас үйлдсэн он, сар, өдөр, дугаар.

45.4.Нотариатч мэдэгдэх хуудсыг хэвлэмэл хуудас дээр үйлдэж, тамга дарж, гарын үсэг зурна.

45.5.Нотариатчийн мэдэгдэх хуудсанд заасан төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гаргуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.