46 дугаар зүйл. Гэрээ, хэлцэл гэрчлэх
46.1.Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
46.1.1.үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл;
46.1.2.гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ;
46.1.3.орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл;
46.1.4.өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, түүний тодорхой хэсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах /узуфрукт/ гэрээ;
46.1.5.тэжээн тэтгэх гэрээ;
46.1.6.эрх шилжүүлэх гэрээ;
46.1.7.зээлийн гэрээ;
46.1.8.хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ.
46.1.9.хуульд заасан бусад.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
46.2.Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална:
46.2.1.талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх;
46.2.2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх;
46.2.3.агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх;
46.2.4.үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх.
46.3.Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана.
46.4.Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална.
46.5. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана.
46.6.Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна.
46.7.Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно.
46.8.Зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болгосныг гэрчлэхдээ гэрээний талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан нотариатын үйлдэл хийх бөгөөд ингэхдээ анхдагч гэрээг үндэслэж түүний хуулбарыг нотариатын баримтад хавсаргана.
46.9.Үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах болон дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
46.10.Нотариатч гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгч, өөрт үлдэх хувьд холбогдох баримт бичгийг хавсаргаж, архивт хадгална.