54 дугаар зүйл. Сахилгын шийтгэл
54.1.Хууль болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
54.1.1.сануулах;
54.1.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэхийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох;
54.1.3.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох.
54.2.Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 54.1.1-д заасан сануулах шийтгэлийг Сахилгын зөвлөл, 54.1.2, 54.1.3-т заасан шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
54.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
54.4.Нотариатч Сахилгын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.
54.5.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч мөн хуулийн 54.1-д заасан зөрчил гаргасан бол холбогдох төрийн захиргааны байгууллага сахилгын шийтгэл ногдуулна.
54.6.Шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол энэ талаарх шүүхийн шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шүүхийн шийдвэрийг хүргүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран батална.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ