29 дугаар зүйл. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.
2.Хуульд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар зааснаас бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бусад хэлбэрээс аль тохирохыг сонгож болно.
3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх нөхөрлөл энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байна.
4.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах замаар Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
5.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ХХН" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.
6.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь мэргэжлийн үйл ажиллагааг илэрхийлэх өөрийн бэлгэдэл, таних тэмдэгтэй байж болно.