30 дугаар зүйл. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан гэрээний үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээнд доор дурдсан зүйлийг тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйл ажиллагаа;
3/нөхөрлөлийн гишүүний тоо, гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг;
4/удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
6/мэргэжлийн үйл ажиллагааны чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ;
7/шийдвэр гаргах арга, журам;
8/ашиг хуваарилах зарчим;
9/их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг тодорхойлох журам;
10/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
11/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
2.Нөхөрлөлд шинээр гишүүн орох, эсхүл нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах ба энэ тухай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ.
3.Нөхөрлөлийн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, түүний үнэлгээний талаар маргаан үүсвэл үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн жишгээр тодорхойлно. Хөндлөнгийн шинжээчийг талууд харилцан тохиролцож томилно.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно.