5 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн үндсэн эрх

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн үндсэн эрх

1.Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ:

1/захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж хамтын болон бусад гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих;

2/хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах;

3/хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон БНМАУ-ын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, тэдгээрийг сахин биелүүлэхийг захиргаанаас шаардах;

4/хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгох, гэрээг цуцлахыг шаардах;

5/хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд, ажилтны санаа, бодол, эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, мэдэгдэл гаргах, зохих байгууллагад төлөөлөх;

6/гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;

7/хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон аливаа асуудлыг хөдөлмөрчдөөр хэлэлцүүлэхийг санал болгох буюу гишүүдээрээ бие даан хэлэлцүүлэг зохион байгуулах;

8/үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай мэдээллийг захиргаанаас гаргуулан авах;

9/БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмаар жагсаал, цуглаан, ажил хаялт зохион байгуулах;

10/БНМАУ-ын хууль тогтоомжид заасан бусад эрх.

2.Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна.

Бусад тохиолдолд хамтын гэрээг нийт ажилтны төлөөлөгчид захиргаатай байгуулж болно.

3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн заалтууд үйлдвэрчний эвлэлийн орон нутгийн болон улсын хэмжээний холбоодод нэг адил хамаарна. /Энэ тохиолдолд "захиргаа" гэдэгт БНМАУ-ын төрийн гүйцэтгэн захирамжлах дээд, төв болон орон нутгийн байгууллагыг хамааруулан ойлгоно/

4.Үйлдвэрчний эвлэлүүдийн улсын хэмжээний нэгдсэн холбоо /хэд хэдэн холбоо байвал тэдгээрийн төлөөлөгчид/ нь БНМАУ-ын Засгийн газар, эздийн улсын хэмжээний байгууллагатай нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр байгуулж болно. Энэхүү хэлэлцээр байгуулах журмыг оролцогч талууд тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.