8 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлого
8.1.Олон нийтийн радио, телевиз улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж нийтийн хүртээл болгоно.
8.2.Олон нийтийн радио, телевиз хөтөлбөрөө бэлтгэж түгээхдээ дараахь бодлого баримтална:
8.2.1.ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх;
8.2.2.улс төр, шашин, нийгэм, эдийн засгийн олон ургальч үзэл бодлыг хүндэтгэж, тэдгээрийг тэгш илэрхийлэх;
8.2.3.үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих;
8.2.4.энх тайвныг сахин хамгаалахыг тууштай дэмжих, улс орнуудын хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх;
8.2.5.соёл, урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц уран бүтээлийн бүх хэлбэрийг дэлгэрүүлэн хөгжүүлэх;
8.2.6.хувь хүний болон нийгмийн хөгжлийг дэмжих, ялангуяа хүүхэд, залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжилд онцгой анхаарах;
8.2.7.үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэг, давхаргын болон олон нийтийн эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хангахыг эрмэлзэх.
8.3.Олон нийтийн радио, телевизээр харгислал, ялгаварлан гадуурхал, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно.
8.4.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлого энэ хуульд нийцэж байгаа эсэхэд олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл хяналт тавина.
8.5.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн талаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл байгуулж болох бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүнд сэтгүүл зүй, улс төр, эрх зүй, хэрэглэгчдийн эрх ашиг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг, шашин, байгаль орчин, спорт зэрэг чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг оруулна.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.6.Энэ хуулийн 8.5-д заасан орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг Олон нийтийн радио, телевизийн дүрэмд тусгана.