9 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт тавигдах тусгай шаардлага

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт тавигдах тусгай шаардлага

9.1.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр нь үнэн бодит мэдээлэл агуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, нэг талыг баримтлаагүй, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталсан, шуурхай байна.

9.2.Олон нийтийн радио, телевизийн тухайн өдрийн хөтөлбөрт мэдээ, мэдээллийн болон сонсогч, үзэгчдийн танин мэдэхүйн хэрэгцээг хангахад чиглэгдсэн нэвтрүүлэг зохистой харьцаагаар тусгагдсан байна.

9.3.Олон нийтийн радио, телевизээр аливаа нийтлэл, нэвтрүүлгийг түгээхийн өмнө түүний агуулга, үүсэл, үнэн бодит байдлыг тухайн нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч, редакци шалгах ёстой бөгөөд тухайн мэдээ, мэдээлэл хуурамч болох нь илт мэдэгдэж байгаа, хуурамч гэдгийг мэдсэн, хуурамч гэж тооцох бодитой үндэслэл байгаа гэж үзвэл түүнийг түгээхгүй.

9.4.Олон нийтийн радио, телевиз хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгийг дамжуулж байгаа бол эх сурвалжийг заавал дурдана.

9.5.Хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын бие махбодь, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулга бүхий нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киноны дамжуулах цагийг зохицуулах, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоож болно.

9.6.Олон нийтийн радио, телевизийн мэдээллийн болон сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нь дохионы хэлний орчуулгатай гарах ба урсгал мэдээлэл явуулах, бичгэн мэдээллийг хараагүй иргэнд зориулан нэвтрүүлж байна.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.7.Энэ хуулийн 8.2.6-д заасан нэвтрүүлэг нь залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийн тусгайлан тогтоосон цагтай байна.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.