10 дугаар зүйл. Засаг даргын онцгой бүрэн эрх

ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Засаг даргын онцгой бүрэн эрх

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр онц байдал тогтоосон бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь онцгой бүрэн эрх эдэлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1/энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 6-д заасан бүрэн эрхийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх;

2/энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан онцгой арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг тухайн нутаг дэвсгэрт удирдан зохион байгуулах;

3/тухайн болон доод шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварт харшилж байна гэж үзвэл онц байдлын хугацаанд үйлчлэлийг зогсоох;

4/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар тухайн нутаг дэвсгэрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд харьяалал харгалзахгүйгээр заавал биелүүлэх үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд нь хяналт тавих;

5/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөл, Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтныг огцруулж, орны хүнийг онц байдлын хугацаагаар томилох;

6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тухайн нутаг дэвсгэрт тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, тагнуул, цэргийн болон бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, харилцан ажиллагааг хангах;

7/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зорилгоор тэдгээрт нийцүүлэн захирамж гаргах.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засаг даргын захирамжийг тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлэх үүрэгтэй.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Засаг дарга энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын аливаа шийдвэрийг, түүнчлэн дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргын аливаа шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.