9 дугаар зүйл. Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи Зөвлөлийн онцгой бүрэн эрх
1.Зөвлөл онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:
1/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, явцад нь хяналт тавьж, биелэлтийг хангуулах шаардлагатай арга хэмжээ авах;
2/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг холбогдох байгууллагад хянан шалгах, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгөх;
3/шаардлагатай асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
4/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад заавал биелүүлэх үүрэг даалгавар өгөх;
5/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онц байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;
6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээ, судалгаа, шаардлагатай бусад баримт бичиг гаргуулан авах;
7/онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөлийн ажлын аппаратыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
8/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах;
9/ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб, цагдаа,тагнуул, хил болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах;
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10/онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах, туслалцаа авах;
11/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиар олгосон бусад онцгой бүрэн эрх.
2.Зөвлөл хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Зөвлөлийн тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурна. Санал зөрвөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг гаргана.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу байгуулагдсан шуурхай штаб онц байдлын үр дагаврыг арилгахад оролцож байгаа цагдаа, тагнуул, цэргийн анги, салбарын өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж шуурхай удирдлагаар хангах, нийгмийн болон хүн амын амьдралыг хэвийн болгоход эдгээр байгууллагын хүч хэрэгслийг дайчлах үүрэг хүлээнэ.
4.Онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт байгаа төр, нам, олон нийт, хоршооллын төв, орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж,албан тушаалтан, иргэд онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага, албан тушаалтанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй.
5.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс оруулсан саналыг Улсын Их Хурал хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр нэн даруй, тэргүүн ээлжинд шийдвэрлэнэ.