5 дугаар зүйл. Онц байдал зарлах

ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Онц байдал зарлах

1.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол Улсын Их Хурал онц байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

2.Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

З. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Ерөнхийлөгч энэ зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу онц байдал зарласан бол Улсын Их Хурал уул зарлигийг гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзвэл уул шийдвэр гарсан өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болно.

5.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэлээр онц байдал зарлахын өмнө Улсын Их Хурал, түүний чөлөөт цагт Монгол Улсын Ерөнхийлөгч нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон, түүнд оролцсон байгууллага, хүмүүст уг үйлдлээ 12 цагийн дотор таслан зогсоохгүй бол онц байдал тогтоож болохыг урьдчилан сануулна. Хэрэв заасан хугацаанд уул онцгой нөхцөл хэвээр үргэлжилбэл энэ зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасны дагуу онц байдал зарлана.

6.Онцгой нөхцөлийн үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан урьдчилан сануулах арга хэмжээг авалгүйгээр онц байдал зарлана.

7.Онц байдал зарлах тухай санаачлагчийн төсөл, Улсын Их Хурлын шийдвэр, эсхүл Ерөнхийлөгчийн зарлигт дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/онц байдал зарлах үндэслэл болсон онцгой нөхцөл;

2/онц байдлын зорилго;

3/онц байдал хамрах нутаг дэвсгэр;

4/онц байдал үргэлжлэх хугацаа /эхлэх, дуусах он, сар, өдөр, цаг/;

5/онц байдлын үед энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан онцгой арга хэмжээний алийг нь хэрэгжүүлэх болон хэрэгжүүлэх арга хэмжээ тус бүрийн, түүний дотор иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах хүрээ заагийг бий болсон нөхцөлд нийцүүлэн тогтоох;

6/энэ зүйлийн энэ хэсэгт заасан болон энэ хуулийн холбогдох бусад заалт, түүнчлэн онц байдал зарласантай холбогдуулан авах арга хэмжээг шууд хариуцаж хэрэгжүүлэх төрийн байгууллага, албан тушаалтан, тэдгээрийн энэ талаар эдлэх онцгой бүрэн эрхийг энэ хуульд нийцүүлэн нэг бүрчлэн тогтоох;

7/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр, эсхүл Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болох он, сар, өдөр, цаг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.