11 дугаар зүйл. Орон сууц хувьчлах товчооны бүрэн эрх
Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй:
1/ тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд орон сууцны хувьчлалд хамаарах төрийн өмчийн орон сууцны байшин, сууцны тооллого хийж бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, хувьчлах орон сууц бүрт магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2/ эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах;
3/ орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт, бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж, зөрчлийг арилгуулах;
4/ сууц эзэмшигчийн тодорхойлсон сууцны талбай, үнэлгээг хянаж, хувьчлагдах сууцны талбай, үнэлгээг батлах;
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5/ хувьчлалд хамаарах орон сууц бүрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тооллого хийж, бүртгэл хөтлөх, магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон шаардлагатай засвар, үйлчилгээ хийлгүүлж, бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангуулах арга хэмжээ авах;
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба түүнд 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6/ өмчлөх эрхийн гэрчилгээ олгох;
7/ орон сууц хувьчлахтай холбоотой хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг сурталчлах ажлыг зохион байгуулах, иргэдэд зөвлөлгөө өгөх;
8/ орон сууц хувьчлахтай холбоотой гомдлыг хүлээн авч, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;
9/ орон сууц өмчлөгчдийн холбоо байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлэх;
10/ орон сууц хувьчлах явцад орон сууцны цэвэрлэгээ болон дундын эзэмшлийн зүйлсийн ашиглалт, хамгаалалтыг хэвийн байлгах талаар орон сууц ашиглалтын байгууллагатай хамтран ажиллах;
11/ төрийн өмчийн орон сууцыг хувьчлахаас өмнө эрх бүхий байгууллагаас худалдаж авсан буюу үнийн зохих хувийг төлсөн Монгол Улсын иргэнд уг сууцыг худалдах тухай шийдвэр, сууцны үнийг төлсөн баримт, бусад материалыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох;
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12/ хуульд заасан бусад бүрэн эрх.