6 дугаар зүйл. Хувьчлах орон сууц
1. Төрийн өмчийн нийтийн зориулалттай дор дурдсанаас бусад орон сууц хувьчлалд хамаарагдана:
1/ Монгол Улс дахь гадаад улсын болон олон улсын байгууллагын ажилтнуудад зориулан түрээсэлсэн орон сууц;
2/ гадаад улс дахь Монгол Улсын төрийн өмчийн орон сууц;
3/ цэргийн хуаран дахь орон сууц, нийтийн байр;
4/ оюутан, сурагчдын болон улсын асрамж, түүнтэй адилтгах зориулалттай нийтийн байр;
5/ төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдсон төрийн тусгай албан хаагчдад зориулсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг Засгийн газар батална.
3. Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц хувьчлах тухай шийдвэрийг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага / гишүүдийн хурал/ гаргах бөгөөд ийнхүү хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална.
5. Хувьчлах төрийн өмчийн орон сууц нь хүн аж төрөх шаардлагыг хангасан байвал зохино.
/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/