14 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, үйлчилгээ

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, үйлчилгээ

14.1.Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг сууц өмчлөгч өөрөө хийж, эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллага буюу хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.3.Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

14.4.Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.5.Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно.

14.6.Хэрэглэгч гэрээт мэргэжлийн байгууллагаар засвар, үйлчилгээ хийлгэх үед хэрэглэгчийн орон сууцны ус, дулаан, цахилгаан хангамжийг таслах шаардлага гарсан нөхцөлд түүний захиалга, хүсэлтийг үндэслэн таслалт, холболтыг хангагч саадгүй, нэн даруй хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

14.7.Орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна.

/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.