18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг Харилцаа холбооны тухай хуулийн 15.1-д заасан үндэслэл болон дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.1.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

18.1.2.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь тусгай зөвшөөрөл, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

18.1.3.тусгай хэрэглээний ангилалд ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг ашигласан, санаатайгаар шуугиан үүсгэсэн буюу сонссон.

18.1.4.энэ хуулийн 5.2.6-д заасан баримт бичгийн дагуу шинэ төрлийн дэвшилтэт технологи, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

18.2.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох үндэслэл байгааг тогтоовол Зохицуулах хороо нь энэ тухай тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэл өгнө. Уг мэдэгдэлд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох болсон үндэслэлийг нотлох баримтын хамт заана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь мэдэгдэлд заасан үндэслэл байхгүй гэж үзвэл уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор өөрийн өргөдөл, гомдлыг нотлох баримтын хамтаар Зохицуулах хороонд ирүүлж хянуулж болно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж хариу мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.5.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн ирүүлсэн нотлох баримт бичгийг хүлээн зөвшөөрөх үндэсгүй гэж үзвэл Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид өөрийн дүгнэлтийн тухай мэдэгдэж, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.6.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь хүчингүй болгосон тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.7.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиодолд шүүхийн шийдвэр гартал тухайн радио давтамжид шинээр тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгож болохгүй.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙН БИЧИГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.