11 дугаар зүйл. Хорооны дарга, гишүүн, түүнийг томилох
11.1.Хороо нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ.
11.2.Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.3.Хорооны дарга болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна.
11.4.Байнгын хорооноос санал болгох нэр дэвшигч хувийн хэвшлийг төлөөлсөн байж болно.
11.5.Хорооны гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:
11.5.1.төрийн улс төрийн албан хаагч;
11.5.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;
11.5.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;
11.5.4.санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдэд ажиллаж байгаа этгээд;
11.5.5.санхүүгийн үйлчилгээ явуулж байгаа хуулийн этгээдийн энгийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч.
11.6.Хорооны дарга, гишүүн нь эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байна.
11.7.Хорооны гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилоогүй бол энэ хуулийн 11.2-т заасан эрх бүхий этгээд ажлын 14 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.
11.8.Хорооны дарга, орон тооны гишүүд төрийн тусгай албан хаагч байна.