6 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх
6.1.Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
6.1.2.бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох;
6.1.3.санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.4.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг шалгах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.5.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.6.зөвшөөрөл эзэмшигч хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.7.Хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих.
6.1.8.даатгалын зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.9.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.10.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8, 4.1.10-т заасан этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтан, агентад тавигдах шаардлагыг тогтоосон журмыг батлах. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.12.технологид суурилсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг хязгаарлагдмал хүрээнд бодитоор турших, нэвтрүүлэх сэндбокс зохицуулалтын орчинг бий болгох, холбогдох зохион байгуулалтын нэгж, зөвлөл байгуулах зэрэг харилцааг зохицуулсан Сэндбокс зохицуулалтын журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.13.иргэдэд санхүүгийн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.1.14.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.15.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.2.1.банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан;
6.2.2.үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан;
6.2.3.даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын тухай хуульд заасан;
6.2.4.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан;
6.2.5.хадгаламж, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан. /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны чиглэлээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.7.малын даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.8.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны чиглэлээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2.9.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.2.10.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны чиглэлээр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.3.Хороо энэ хуулийн 3.1.9, 3.1.10-т заасан үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиглэлээр дараах журам, зааврыг батална:
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.3.1.зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.2.салбар, төлөөлөгч, төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх тухай журам;
6.3.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ тогтоох журам;
6.3.4.зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам;
6.3.5.зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох журам;
6.3.6.нягтлан бодох бүртгэл, дансны бүртгэлийн маягтыг хөтлөх журам, заавар;
6.3.7.мэргэжлийн холбоодод тавигдах шаардлагыг тодорхойлсон журам;
6.3.8.хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, аудитын үйлчилгээ үзүүлэхэд Хороонд бүртгүүлэх тухай журам.