7 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байрны ажилтан, цагдаагийн алба хаагч, тэдгээрийн эрх, үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Эрүүлжүүлэх байр нь мэргэжлийн эмчтэй байх бөгөөд тэр нь эмчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, эмнэлгийн ажилтны эрх эдэлж, үүрэг хүлээн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд эмнэлгийн үйлчилгээ шуурхай үзүүлж ажиллана.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.3.Эрүүлжүүлэх байрны ажилтанд дараахь зүйл хийхийг хориглоно:
7.3.1.албадан эрүүлжүүлэх /цаашид "эрүүлжүүлэх" гэх/ шаардлагатай этгээдийг хүлээн авахаас татгалзах;
7.3.2.шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх;
/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.3.3.үйлчлүүлэгч этгээдтэй хүнлэг бус харьцах;
7.3.4.үйлчлүүлэгч этгээдийг эрүүлжүүлэх байранд байх хугацаанд олж мэдсэн хүний эмзэг мэдээллийг задруулах, нэр хүндэд нь халдсан мэдээлэл тараах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.3.5.үйлчлүүлэгч этгээдийн биедээ авч явсан баримт бичиг, мөнгө, хувцас, эд зүйлийг ашиглах, үрэгдүүлэх, гэмтээх;
7.3.6.эрүүлжүүлэх шаардлагагүй этгээдийг хүлээн авах.