8 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байранд хүлээн авах
8.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн цагдаагийн алба хаагч түргэн тусламжийн төвийн ажилтан буюу иргэнийг байлцуулан эрүүлжүүлэх байрны эмч уг этгээдийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээж авна.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.2.Эрүүлжүүлэх байрны ажилтан нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн хүн болон гэрчийн этгээдийг байлцуулан түүний биедээ авч яваа баримт бичиг, мөнгө, хувцас, эд зүйлийг хаяж, үрэгдүүлэхээс сэргийлж, тоо хэмжээ, содон шинж тэмдгийг нэг бүрчлэн тэмдэглэлд тусгаж, түр авч хадгална.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.3.Тэмдэглэлд түр хадгалах зүйлийг хүлээн авсан ажилтан үйлчлүүлэгч этгээд, түүнийг хүргэж ирсэн хүн болон гэрчийн этгээд гарын үсэг зурах бөгөөд үйлчлүүлэгч этгээд гарын үсэг зурж чадахгүй бол цагдаагийн алба хаагч тэр тухай тайлбар бичнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.4.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авсны дараа ажилтан боломжтой бол энэ тухай түүний гэр бүлийн насанд хүрсэн этгээдэд нь мэдэгдэх арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.5.Насанд хүрээгүй этгээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн тохиолдолд эрүүлжүүлэх байрны ажилтан уг этгээдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй холбоо тогтоож, тэдэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авна. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй нь холбоо тогтоох боломжгүй бол насанд хүрээгүй этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авна.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.6.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно.
8.7.Үйлчлүүлэгч этгээдээс галт зэвсэг, хутга мэс, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис илэрвэл цагдаагийн алба хаагч түр хураан авч, шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
8.8.Дор дурдсан этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авахгүйгээр эмнэлгийн түргэн тусламж дуудаж шилжүүлж өгнө:
8.8.1.нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай гэмтэл биедээ авсан, хүнд болон халдварт өвчтэй;
8.8.2.мансууруулах бодис хэрэглэж хордсон нь тогтоогдсон.