21 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах

21.1.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хамгаалалтын техник-зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, системийн ашиглалтын явцад хяналт тавих замаар хангана.

21.2.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хамгаалалтын дараах үндсэн арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:

21.2.1.сонгуулийн автоматжуулсан систем, түүний техник хэрэгсэл, программ хангамжийг зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх;

21.2.2.нийтийн хэрэглээний болон тусгай зориулалтаар ашиглах зөвшөөрөл, гэрчилгээ бүхий программ, техник хэрэгсэл, харилцаа холбооны суваг ашиглах;

21.2.3.сонгуулийн автоматжуулсан системд хууль бусаар нэвтрэх боломжийг хаах арга хэмжээ авах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.4.мэдээллийн санд байгаа мэдээллийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв болохыг баталгаажуулах;

21.2.5.мэдээллийг мэдээлэл, харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах үед хамгаалах;

21.2.6.сонгууль зохион байгуулахад сонгуулийн автоматжуулсан системийн бэлэн байдлыг тусгайлан шалгах;

21.2.7.холбогдох журмаар баталсан ашиглалтын баримт бичгийг хэрэглэх;

21.2.8.автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн хэвийн ажиллагаа, түүний бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

21.2.9.автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ бүхий ажилтныг бэлтгэх.

21.3.Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн автоматжуулах ажиллагаанд оролцож мэдээлэл, харилцаа холбооны болон бусад төрлийн ажил, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцна.

21.4.Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хариуцан гүйцэтгэж, энэ хуулийн 21.2.1-д заасны дагуу гэрчилгээг олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.5.Энэ хуулийн 21.4-т заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Сонгуулийн ерөнхий хороо батална.

21.6.Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг стандартын шаардлага хангасан, Төрийн хамгаалалттай байранд хадгална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.