4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."сонгуулийн автоматжуулсан систем" гэж сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн санг бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогцыг;
4.1.2."сонгогчийн хувийн мэдээлэл" гэж тухайн иргэнийг гэрчлэх талаар хуульд заасан албан ёсны баримт бичигт туссан мэдээлэл, гэрэл зураг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг;
4.1.3."автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл" гэж мэдээллийг оруулах, боловсруулах, нэгтгэх, хадгалах, хайх болон дамжуулах зориулалттай харилцан уялдаатай техник хэрэгсэл, программ хангамжийн нэгдлийг;
4.1.4."мэдээллийн ажиллагаа" гэж сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан мэдээлэл оруулах, боловсруулах, нэгтгэх, хадгалах, хайх болон дамжуулах үйл явцыг;
4.1.5."мэдээллийн технологийн даамал" гэж сонгуулийн зохих шатны хорооны автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглаж ажиллуулах, түүний хэвийн ажиллагааг хариуцан хангах чиг үүрэг бүхий мэргэжилтнийг;
4.1.6."цахим түлхүүр" гэж автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, түүний аль нэг хэсгийг ашиглах, мэдээлэлд нэвтрэх, мэдээллийн санд байгаа тоон дүн, баримт бичигтэй харьцах боломжийг цахим түлхүүр эзэмшигчид олгох зорилгоор мэдээллийг нууцлан дүрс, тоон хэлбэрт оруулан үйлдсэн түлхүүрийг;
4.1.7."цахим гарын үсэг" гэж сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан цахим хэлбэрээр үйлдсэн баримт бичгийн бүрдүүлбэр дэх цахим түлхүүр бүхий гарын үсгийг.