11 дугаар зүйл. Хорооны гишүүний бүрэн эрхийн баталгаа
11.1.Хороо, түүний Тамгын газарт улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. /Энэ хэсэгт "ажлын албанд" гэснийг "Тамгын газарт" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
11.2.Хорооны гишүүн албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.
11.3.Хорооны орон тооны гишүүн багшлах, эрдэм шинжилгээнийхээс бусад ажил, албан тушаал хавсрахыг хориглоно.
11.4.Хорооны дарга, нарийн бичгийн дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин авна.
11.5.Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд түүнийг томилогдохоос өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажилд шилжүүлэх, тухайн ажил байхгүй бол түүнд ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Хорооны гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж мөн хугацаанд олгоно.
11.6.Хуульд өөрөөр заагаагүй бол Хорооны гишүүнийг сонгуулийн үүрэгт ажилтай нь холбогдуулан баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь нэгжлэг хийхийг хориглоно.
11.7.Хорооны гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
11.8.Хуульд зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
11.9.Хорооны гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
11.10.Хорооны гишүүн аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно.
11.11.Хорооны гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ хашиж буй төрийн албан тушаалдаа хүндэтгэлтэй хандана.
Бусад асуудал