10 дугаар зүйл. Удирдах зөвлөл, түүний эрх, үүрэг

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Удирдах зөвлөл, түүний эрх, үүрэг

10.1.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байна.

10.2.Холбооны гишүүдийн тоо, орон сууцны байшингийн онцлогийг харгалзан давхар, орц, байшингийн оршин суугчдыг төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүдийн тоог бүх гишүүдийн хурлаас тогтооно.

10.3.Удирдах зөвлөлийн гишүүн төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно.

10.4.Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгоно.

10.5.Удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлын түр эзгүйд тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийг удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилно.

10.6.Удирдах зөвлөлийн хурал нь ээлжит, ээлжит бус байна.

10.7.Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хийх бөгөөд дүрэмд удирдах зөвлөлийн хуралдах тоог нэмэгдүүлэн зааж болно.

10.8.Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

10.8.1.холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвших болзол, шалгуурыг тогтоох;

10.8.2.холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх;

10.8.3.дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх;

10.8.4.холбооны сангийн болон бусад мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах талаархи захирлын эрх хэмжээг тогтоох;

10.8.5.гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох;

10.8.6.холбооны гүйцэтгэх захирлын тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх;

10.8.7.бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

10.8.8.гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх;

10.8.9.бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх.

10.9.Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн гишүүн, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын санаачилгаар хуралдуулж болно.

10.10.Удирдах зөвлөлийн дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

10.10.1.удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах;

10.10.2.удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах;

10.10.3.гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих;

10.10.4.бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

10.10.5.бүх гишүүдийн хуралд удирдах зөвлөлийн тайлан тавих;

10.10.6.удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захиралд үүрэг өгөх;

10.10.7.энэ хуулийн 12.6-д заасан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

10.10.8.бүх гишүүдийн хурлын болон хяналтын зөвлөлийн шийдвэрийн бүртгэл хөтлөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.