21 дугаар зүйл. Захидал, харилцаа
21.1.Хоригдсон этгээд төрөл садан болон бусад хүмүүстэй зохих журмын дагуу захидал, цахилгаанаар харилцах бөгөөд зардлыг өөрөө хариуцна.
21.2.Хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана. Гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад болохуйц утгатай нууц үг хэллэг, шифртэй, төрийн болон хуулиар хамгаалагдсан бусад нууцтай холбоотой захидал, цахилгааныг хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд шилжүүлнэ.
21.3.Хоригдсон этгээд нь ял эдэлж байгаа хүмүүстэй захидал, цахилгаанаар харилцахад зөвхөн хорих шийдвэр гаргасан албан тушаалтны зөвшөөрлийг үндэслэнэ.
21.4.Хоригдсон этгээдийн нэр дээр ирсэн захидал, цахилгааныг хорих байрны захиргаа хүлээн авснаас хойш ажлын гурав хоногийн дотор хүлээлгэн өгөх ба гадаад хэл дээрх захидал, цахилгааныг монгол хэлэнд орчуулахад шаардлагатай хугацааг энэ хугацаан дээр нэмж тооцож болно.
21.5.Хоригдсон этгээдийн ойрын төрөл, садангийн хүн хүнд өвчтэй байгаа, эсхүл нас барсан тухай мэдээг түүнд нэн даруй хүргэнэ.
21.6.Хорих байрнаас суллагдсан этгээдийн нэр дээр ирсэн захидал, цахилгааныг хорих байрны захиргаа хүлээн авснаас хойш ажлын гурав хоногийн дотор хаягаар нь илгээнэ.