22 дугаар зүйл. Өргөдөл, гомдол гаргах
22.1.Хоригдсон этгээд нь төрийн болон нутгийн захиргаа, бусад байгууллага, албан тушаалтанд явуулах өргөдөл, санал, гомдлоо хорих байрны захиргаагаар дамжуулан илгээнэ.
22.2.Шүүх, прокурор болон хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төрийн бусад байгууллагад явуулах өргөдөл, санал, гомдлыг хорих байрны захиргаа хянаж шалгаж болохгүй бөгөөд өргөдөл, санал, гомдлыг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс хэтрүүлэхгүйгээр битүүмжилсэн дугтуйгаар зохих байгууллагад илгээнэ.
22.3.Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтанд хаягласан өргөдөл, санал гомдлыг хорих байрны захиргаа хянаж, хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор илгээнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
22.4.Гэмт хэргийн бодит үнэн тогтооход саад болохуйц утгатай, нууц үг хэллэг, шифртэй төрийн болон хуулиар хамгаалагдсан бусад нууцтай холбоотой өргөдөл, санал, гомдлыг энэ хуулийн 21.2-т заасан журмаар шийдвэрлэнэ.
22.5.Мөрдөгч, прокурорын үйл ажиллагаатай холбогдолтой гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор холбогдох байгууллагад нь илгээнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.6.Өргөдөл, санал, гомдлын хариуг хоригдсон этгээдэд танилцуулж, гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт нь хавсаргана.
22.7.Өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар өргөдөл, санал, гомдол гаргасан хоригдож буй этгээдийг хавчин хяхах, мөрдөн мөшгөхийг хориглоно. Ийнхүү хавчин хяхсан, мөрдөн мөшгөсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.