5 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүчний талаархи төрийн байгууллагын чиг үүрэг

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүчний талаархи төрийн байгууллагын чиг үүрэг

5.1.Улсын Их Хурал сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бие даасан үүсгүүрийг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

5.2.Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, бие даасан үүсгүүрээр хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангах сумдын жагсаалтыг батлана.

5.3.Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1.сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

5.3.2.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг боловсруулах;

5.3.3./Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.3.4.сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах.

5.3.5.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыг боловсруулж, батлах;

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.3.6.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.3.7.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний норм, дүрэм, стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих.

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.3.8.төсөл шалгаруулалтын журмыг боловсруулах, батлах;

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.9.төсөл шалгаруулалтыг зохион байгуулахдаа дараахь зарчмыг баримтална:

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.9.а.сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төрийн бодлого, эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаатай уялдуулан төсөл хэрэгжих байршил, эх үүсгүүрийн төрөл, хүчин чадал, жилд худалдаж авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлсон байх;

5.3.9.б.сэргээгдэх эрчим хүчний техник, технологи, нэгдсэн сүлжээнд худалдах үнийн саналаар өрсөлдөхүйц байх;

5.3.9.в.ил тод, шударга, өрсөлдөх тэгш боломжтой байх.

5.4./Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.5.1.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах газрыг аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.5.2.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байршуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх;

5.5.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэргээгдэх эрчим хүч ашиглахын ач холбогдлыг сурталчлах;

5.5.4.орон нутгийн өмчийн бие даасан үүсгүүрийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх.

/Энэ хэсгийн дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

5.6.Эрчим хүчний зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.6.1.дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийн тооцоог хянаж, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу тарифыг батлах;

5.6.2. дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн Диспетчерийн үндэсний төвтэй байгуулах гэрээний загварыг батлах, уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.

/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.6.3.хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифын хэмжээг тогтоох;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.6.4.цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ, тарифыг тухай бүр тогтоох.

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

5.6.5.хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгааны түгээх сүлжээнд нийлүүлэх үнэ, тарифыг жил бүр хянаж, тогтоох.

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.