16 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

16.1.Улсын Их Хурал бүтцийнхээ зохих хэсгээр дамжуулан тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийг хэрхэн сахин биелүүлж байгааг хянан шалгаж, тагнуулын байгууллагын даргын илтгэл, мэдээллийг сонсоно.

16.2.Монгол Улсын Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь шаардлагатай гэж үзвэл тагнуулын байгууллагын даргын илтгэл, мэдээллийг сонсож, тэдгээртэй холбоотой үйл ажиллагаатай танилцаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтсоны үндсэн дээр үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар даалгавар өгнө.

16.3.Монгол Улсын Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын даргын мэдээллийг сонсож, тус байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах талаар тухайн төсвийн жилд анхаарч ажиллах чиглэлийг тогтоож, төрийн бодлого боловсруулахад ач холбогдол бүхий мэдээ, баримт сэлт олох, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх талаар даалгавар өгнө.

16.4.Тагнуулын ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж нь тагнуулын байгууллагын албан хаагчийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын болон ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих үүргийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.