15 дугаар зүйл. Тагнуулын ерөнхий газрын даргын бүрэн эрх

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Тагнуулын ерөнхий газрын даргын бүрэн эрх

15.1.Тагнуулын ерөнхий газрын дарга Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.төв байгууллагыг шуурхай, орон нутгийн салбар, нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангах;

15.1.2.баталсан төсөвт багтаан байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн сан, ажилтны цалингийн сүлжээ, хэмжээг тогтоож, төсвийг захиран зарцуулах;

15.1.3.тагнуулын болон гүйцэтгэх ажилд дагаж мөрдөх зааврыг хуульд нийцүүлэн гаргах, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах;

15.1.4.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу нууц арга хүч, хэрэгсэл ашиглах зөвшөөрөл олгох;

15.1.5.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, шийдвэр гаргах;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.1.6.үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг мэдээллээр хангах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанд оролцож тагнуулын төв байгууллагын байр суурийг илэрхийлэх, зөвлөх эрхтэйгээр оролцох, мэдээлэл өгөх;

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.1.7.Тагнуулын ерөнхий газар, түүний ажилтны үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдгээрийн хэвийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

15.1.8.Тагнуулын ерөнхий газрыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах;

15.1.9.тагнуулын албан хаагчийг томилох, чөлөөлөх, түүнд цэргийн цол олгох;

15.1.10.халхавчийн байгууллага байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж чиглүүлэх;

15.1.11.төрийн байгууллагад байх халхавчийн орон тооны талаар Засгийн газарт санал оруулах;

15.1.12.Тагнуулын ерөнхий газрын дотоод асуудлаар тушаал, заавар гаргах;

15.1.13.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батлах;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.14.тагнуулын байгууллагын тусгай мэргэжил, мэдлэг, чадвар, туршлага шаардсан ажил, албан тушаалд Монгол Улсын иргэнийг гэрээгээр ажиллуулах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.15.тагнуулын байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургах, мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.16.тагнуулын байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөж, хангалтыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.17.цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.18.хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.19.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Тагнуулын ерөнхий газрын даргын түр эзгүйд түүний бүрэн эрхийг дэд дарга хэрэгжүүлнэ. Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, гүйцэтгэх ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг Тагнуулын ерөнхий газрын даргын санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.

/Энэ заалтад 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.