14 дугаар зүйл. Тагнуулын ерөнхий газрын удирдлага
14.1.Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 5 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хууль, 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.2.Тагнуулын ерөнхий газрыг түүний дарга нэгдмэл захирамжийн зарчмаар удирдах бөгөөд даргын дэргэд зөвлөх эрх бүхий зөвлөл ажиллана.
14.3.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
14.3.1.өөрөө хүсэлт гаргасан;
14.3.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
14.3.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.4.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.6.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 14.1, 15.2-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.7.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 24.4-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Засгийн газарт оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./