171 дугаар зүйл. Тагнуулын ажилтны эрх, үүрэг

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

171 дугаар зүйл. Тагнуулын ажилтны эрх, үүрэг

171.1.Тагнуулын ажилтан доор дурдсан үүрэгтэй:

171.1.1.шууд удирдах албан тушаалтны өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг биелүүлэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах;

171.1.2.хууль тогтоомж, холбогдох заавар, журмын дагуу тагнуулын арга хэмжээ, ажиллагааг хэрэгжүүлэх;

171.1.3.туслагч, туслах ажилтан шаардлагатай тохиолдолд түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах;

171.1.4.албан үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн буюу тодорхой болсон мэдээ, баримтыг хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх;

171.1.5.тагнуулын арга хэмжээ, ажиллагааг явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх;

171.1.6.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

171.1.7.хуульд заасан бусад үүрэг.

171.2.Тагнуулын ажилтан доор дурдсан эрх эдэлнэ:

171.2.1.албан үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний барилга байгууламж, эзэмшил газар, хилийн боомт, зурвас, гаалийн болон тусгай хамгаалалттай бусад бүсэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу саадгүй нэвтрэх;

171.2.2.хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгууллага, иргэний орон байранд нэвтрэх, албан тушаалтан, иргэдээс тайлбар авах, хувийн байдлыг нь тогтоох, бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчилд холбогдох баримт сэлт, эд зүйлийг уг асуудлыг шийдэгдэх хүртэл хугацаанд түр хураах;

171.2.3.ажлын зайлшгүй шаардлагатай үед агаарын болон төмөр замын тээврийн хэрэгслийн тасалбарыг дараалал харгалзахгүй авах, тасалбар дууссан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээр зорчих хүсэлтийг холбогдох албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

171.2.4.өөрийн болон туслагч, туслах ажилтан, тэдгээрийн үйл ажиллагааг далдлах зорилгоор халхавчийн баримт бичиг, бусад зүйл ашиглах;

171.2.5.өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул учрах нөхцөл үүссэн, эсхүл үүсч болзошгүй тохиолдолд шууд харьяалах дээд шатны албан тушаалтанд мэдэгдэж, хамгаалуулах;

171.2.6.ажил үүргээ гүйцэтгэж байхдаа галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүчийг тогтоосон үндэслэл, журмын дагуу хэрэглэх;

171.2.7.хуульд заасан бусад эрх.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.