24 дугаар зүйл. Тагнуулын ажилтны үүргээ биелүүлэх баталгаа

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Тагнуулын ажилтны үүргээ биелүүлэх баталгаа

24.1.Тагнуулын ажилтнаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил гүйцэтгүүлэхийг хориглоно.

24.2.Тагнуулын ажилтны эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй.

24.3.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын, тагнуулын ажилтныг Тагнуулын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.4.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Монгол Улсын Ерөнхий сайдад, бусад ажилтныг Тагнуулын ерөнхий газрын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.5.Тагнуулын ажилтан гэрч, хохирогчийн хувиар ажил үүрэгтэй холбоотой нууцад хамаарах асуудлаар мэдүүлэг өгөх тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.6.Үүргээ ёсчлон биелүүлснээс тагнуулын ажилтанд учирсан, мөн гүйцэтгэх ажлын арга хэмжээ зохиох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тагнуулын ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад учирсан хохирлыг төр хариуцна.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.7.Эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг тагнуулын ажилтан ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.8.Хуулиар эрх олгогдоогүй байгууллага, албан тушаалтан тагнуулын ажилтны албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

/Энэ хэсэгт болон дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.9.Орон нутагт томилогдон ажиллаж байгаа тагнуулын байгууллагын албан хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, уналга, холбооны техник хэрэгсэл, албаны орон байраар хангана.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.10.Тагнуулын ажилтан албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.11.Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан тагнуулын ажилтан, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд тагнуулын байгууллага аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.12.Тагнуулын байгууллага нь аюулгүй байдлаа өөрөө хамгаалах бөгөөд төв, орон нутаг дахь салбар, нэгжийн байр нь төрийн хамгаалалтад байна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.13.Тагнуулын ажилтныг гурван жил тутам мэргэшүүлэх сургалтад хамруулна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.14.Тагнуулын ажилтан нь хуульд заасан бусад баталгаагаар хангагдана.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.