25 дугаар зүйл. Тагнуулын ажилтанд үзүүлэх хөнгөлөлт, нөхөх төлбөр
25.1.Улсын хил дээр ажиллаж байгаа тагнуулын ажилтанд Хилийн тухай хуулийн1 36.4, 36.6-д заасан нь нэгэн адил хамаарна.
25.2.Албан үүргээ гүйцэтгэж яваад илчлэгдсэн буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар тагнуулын байгууллагад цаашид ажиллах боломжгүй болсон тагнуулын ажилтныг өөр ажлаар хангах буюу эсхүл мэргэжил эзэмших, шинээр оршин суух газартаа төвхнөхөд тагнуулын байгууллага туслалцаа үзүүлж холбогдох зардлыг төр хариуцна.
25.3.Өндөржүүлсэн бэлэн байдал, ажлын бус цагаар болон шөнийн ээлжинд ажиллах үед хоол, унааны зардал, сургалт, дадлагын үед хүнсний болон эдийн хангалтыг тагнуулын байгууллага хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд амраах, нөхөн сэргээх, эмчлүүлэх боломжоор хангана.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.4.Албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд гарсан зардлыг тагнуулын байгууллага хариуцна.
25.5. Байгууллагынхаа шийдвэрээр өөр газарт шилжин ажиллах болсноос түүний эхнэр /нөхөр/ нь эрхэлж буй ажил, хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнд тагнуулын ажилтны нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тагнуулын байгууллага олгоно.
25.6.Ээлжийн амралтаараа хөдөө орон нутаг явах бол түүний болон эхнэр /нөхөр/-ийн ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.
25.7.Гадаадын тусгай алба, байгууллага, гэмт бүлэглэлд нэвтрэн тусгай үүрэг гүйцэтгэсэн, ажиглалтын албанд болон техникийн албаны тусгай нэгжид ажилласан нэг жилийг 1 жил 4 сартай дүйцүүлэн тооцно.
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.8.Тагнуулын байгууллагын албан хаагч нь хуульд заасан бусад хөнгөлөлт, нөхөн төлбөр эдэлнэ.
/Энэ хэсгийн дугаарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн./