27 дугаар зүйл. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх
27.1.Тагнуулын байгууллагын албан хаагч нь энэ хуульд заасан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.2.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Тагнуулын ерөнхий газрын дарга батална.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.3.Тагнуулын ажилтан нь гэмт үйлдэл, эрх зүйн бусад зөрчлийг таслан зогсоох, түүнийг өдүүлсэн этгээдийг баривчлан албадан саатуулах үүргээ өөр аргаар биелүүлэх боломжгүй бол биеийн хүч, гардан тулааны мэх хэрэглэж болно.
27.4.Тагнуулын байгууллагын албан хаагч нь хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, харуул хамгаалалтын үүргээ биелүүлэхэд дор дурдсан тусгай хэрэгсэл ашиглана:
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.4.1.нэг бүрийн тусгай хэрэгсэл;
27.4.2.тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;
27.4.3.хамгаалах тусгай хэрэгсэл.
27.4.4.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.4.5.албаны нохой.
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.5.Тагнуулын байгууллагын албан хаагч нь гэмт үйлдлийг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.5.1.бусад этгээд өөрийн нь буюу туслагч, туслах ажилтны амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;
27.5.2.тагнуулын байгууллагын тусгай хамгаалалттай объектод нэвтрэх зорилгоор зэвсэг хэрэглэж буюу бүлэглэн халдсан;
27.5.3.тагнуулын байгууллагад хуулиар харьяалуулсан хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугатсан.
27.5.4.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцож байгаа.
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.6.Бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан анхааруулна.
27.7.Галт зэвсэг хэрэглэснээс хүний амь үрэгдсэн, эрүүл мэндэд нь хохирол учирсан бол зэвсэг хэрэглэсэн тагнуулын ажилтан эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, захирах даргадаа, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.
27.8.Тагнуулын байгууллагад хэрэглэх галт зэвсэг, хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг Тагнуулын ерөнхий газрын дарга батална.