5 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим
5.1.Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, нууцлалыг хангах, үйл ажиллагааны ил болон нууц арга, хэрэгслийг хослуулах, байгууллага, иргэний туслалцаа, дэмжлэгт тулгуурлах, харилцан ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг удирдлага болгоно.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг доор дурдсан утгаар ойлгоно:
5.2.1.тагнуулын байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллах;
5.2.2.тагнуулын байгууллага тагнуулын мэдээ олох, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологийн дэвшилтэт ололт, шийдлийг ашиглах;
5.2.3.тагнуулын байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэмжээнд тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, мэдээлэл, өгөгдлийн сан, тэдгээртэй холбоотой засвар-үйлдвэрлэл, үйлчилгээ, инженерийн дэд бүтцээр хангагдах.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./