6 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах

6.1.Тагнуулын байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх, эрх чөлөөнд халдах, хязгаарлахыг хориглоно.

6.2.Иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тагнуулын ажилтан хууль бусаар зөрчсөн гэж үзвэл тухайн ажилтныг шууд харьяалах дээд албан тушаалтан, байгууллагад гомдол гаргах эрхтэй.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.3.Иргэн, хуулийн этгээдээс тагнуулын байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.4.Тагнуулын байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн бол тагнуулын байгууллага өөрөө, эсхүл прокурор, шүүх нь тухайн иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээж, учруулсан хохирлыг арилгах, гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Тагнуулын үйл ажиллагааны явцад тодорхой болсон иргэний нэр төр, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох хувийн амьдралтай нь холбоотой мэдээ, мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гагцхүү уг хүний зөвшөөрснөөр ил болгож болно.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.